|

Монголын хөрөнгийн биржийн арилжааны мэдээ

2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 955,487,704 төгрөгийн үнийн дүн бүхий 2,534,697 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монинжбар ХК (MIB +15.00%), Дархан зочид буудал ХК (DZG +14.98%), Сор ХК (SOR +13.75%)  зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Атар-Өргөө ХК (ATR -14.80%), Би ди сек ХК (BDS -5.88%), Мандал Ирээдүйн Өсөлт (MFG -2.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

     -Хөрөнгө оруулалтын сангийн 27,792 ширхэг нэгж эрх 18,529,038 төгрөгөөр,

     -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,411 ширхэг бонд 440,755,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 1,414,771,742 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс -0.57% хувиар буурч, 37457.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,896,256,749,990 төгрөг боллоо.

Улсын хэмжээнд инфляц IV сард жилийн дүнгээр 11.3 хувьтай гарлаа (Bloombergtv.mn)

Дөрөвдүгээр сард хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сараас 1.3 хувиар өссөнөөр жилийн 11.3 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Инфляц өмнөх оны мөн үед жилийн 15.8 хувьтай гарч байсантай харьцуулахад өсөлтийн хурдац 4.5 нэгж хувиар буурсан байна. Жилийн инфляцын 42.5 хувийг буюу 4.8 пунктийг импортын барааны үнэ бүрдүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сард дотоодод төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1.28 хувиар чангарсан юм. Хэдийгээр жилийн инфляцын хурд саарсан ч сарын 1.3 хувьтай гарсан нь сүүлийн таван сарын хугацааны хамгийн өндөр дүн болж байна. Инфляцын сагсыг бүрдүүлж буй 400 гаруй нэр төрлийн бараа, үйлчилгээг 13 дэд бүлэгт ангилан тооцсон үзүүлэлтээс харахад дөрөвдүгээр сард хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 3.3 хувиар, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувиар, гэр ахуйн бараа, тавилгын бүлгийн үнэ 0.6 хувиар тус тус өссөн байна.

ТЕГ: Татварын гүйцэтгэл I-IV сард өмнөх оны мөн үеэс ₮1.5 их наядаар даваад байна (Bloombergtv.mn)

Уул уурхайн салбарын сэргэлт, экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор татвар орлогын гүйцэтгэл оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 их наяд төгрөгөөр давлаа. Мөн төсөвт төвлөрүүлэх орлого нь 2022 оны мөн үеэс нэг орчим их наяд төгрөгөөр давсан үзүүлэлттэй байна. 2022 онд хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу Толгой” ХХК зэрэг уул уурхайн олборлолт, боловсруулалтын компаниуд багтсан байна. Өнгөрсөн оны хувьд 8.2 их наяд төгрөгийн орлогын гүйцэтгэлтэй байхаас 1.1 их наяд төгрөгөөр давж биелжээ. Энэ онд 10.1 их наяд төгрөгийн татварын гүйцэтгэлтэйгээр ажиллахаар зорьж буйгаа Татварын ерөнхий газар мэдээлж байна.

Европын Холбоо ОХУ-д дэмжлэг үзүүлсэн БНХАУ-ын компаниудад хориг тавих санал гаргав (Bloombergtv.mn)

Европын Холбоо анх удаа хориотой бараа, бүтээгдэхүүн, технологийг ОХУ-д нийлүүлсэн БНХАУ-ын хэд хэдэн компанид худалдааны хязгаарлалт тогтоох санал гаргалаа. Тодруулбал: Европын Комисс Холбооны гишүүн орнуудыг 35 байгууллагад хязгаарлалт тавихыг хүссэн байна. Үүнд Эх газрын Хятад, Хонгконгоос гадна Узбекистан, Армени, Арабын Нэгдсэн Эмират улсад төвтэй бизнесүүд багтаж байгаа аж. Европын Комисс ОХУ-ын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт давхар ашиглах боломжтой бараа, бүтээгдэхүүн, технологийг экспортлохыг хатуу хориглохыг уриалж байгааг албан бичигт дурджээ. Европын Комиссын жагсаалтад “Sinno Electronics”, “Sigma Technology” зэрэг Эх газрын Хятад болон Хонгконгийн найман компани багтсан байна.

БНХАУ-ын экспорт IV сард 8.5 хувиар өсөж, импорт нь 7.9 хувиар буурав (Bloombergtv.mn)

Энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын импорт буурснаар аль хэдийн эргэлзээ үүсгээд байгаа эдийн засгийн өсөлтийн төлөвт нь дарамт болж байгааг харууллаа. Тус улсын экспорт өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар нэмэгдэж, 295 тэрбум ам.доллар болсон нь “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын таамгаас өндөр байна. Харин импорт нь 7.9 хувиар буурч, 205 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь 0.2 хувиар буурах шинжээчдийн таамгийг давсан дүн боллоо. Эрэлт өндөр хадгалагдаж байгаа Зүүн Өмнөд Азийн орнууд БНХАУ-ын экспорт өндөр байхад нөлөөлсөн байна. Түүнчлэн өнгөрсөн оны мөн үед Шанхай зэрэг олон газар хөл хориотой байсан нь экспорт боомтоор гаргахад хүндрэлтэй байжээ. АНУ-ын эдийн засаг суларч, Европт өсөлтгүй байгаа энэ үед БНХАУ-ын экспорт удаан хугацаанд өндөр түвшинд байхгүй гэж Хонгконгийн “ING Group”-ийн Ахлах эдийн засагч мэдэгдлээ.

“Apple” таван хэсгээс бүрдэх $5.25 тэрбумын бонд арилжаалав (Bloombergtv.mn)

“Apple” компани даваа гарагт таван хэсгээс бүрдэх 5.25 тэрбум ам.долларын бонд арилжааллаа. Тус компани бондоороо дамжуулан таван тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр анх төлөвлөж байсныг эх сурвалж мэдээлсэн байна. Хамгийн урт буюу 30 жилийн хугацаатай бондын өгөөж АНУ-ын Сангийн яамны бондоос 108 суурь нэгжээр өндөр байна. Хэдий тийм боловч анх 135 суурь нэгжийн зөрүүтэй байхаар төлөвлөж байсантай харьцуулахад энэ нь доогуур үзүүлэлт юм. Энэ долоо хоногт АНУ-ын компаниуд нийт 30-35 тэрбум ам.доллартой тэнцэх эрсдэл багатай бондыг арилжаална гэж “Bloomberg” тооцоолжээ. Энэ нь компаниудын өрийн зах зээл тогтворжиж эхэлсний дохио болж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *