ЭЕРЭГ: “CNN” агентлаг дэлхийд алдартай арга хэмжээний нэгээр Монгол наадмыг онцолжээ

АНУ-ын дэлхийд алдартай “CNN” агентлаг Монгол наадмын түүх болоод утга учрын тухай нэгэн нийтлэлийг долдугаар сарын 17-ны даваа гарагт нийтэлжээ. Энэ нийтлэлийг орчуулан уншигчдадаа хүргэе.

Монгол гэхээр өргөн уудам тал, нүүдэлчдийн гэр, элсэн цөл, дэлхийн хамгийн алдартай дайчин баатар хэмээх Чингис хааны тухай дүр зураг жуулчдын оюун санаанд буудаг. Тэгвэл Монголын хамгийн алдартай, хамгийн чухал баяр нь наадам гэдэгт хүн бүр санал нийлэх бизээ. Жилд ганц л удаа болдог тус наадам олон улсын жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг үндэсний хэмжээний томоохон тэмдэглэлт баяр юм. Ийн ирэх онд Монгол наадмыг үзэхээр төлөвлөж буй жуулчдадаа зориулан бид дараах мэдээллийг бэлтгэлээ.

Монгол наадмыг “Эрийн гурван наадам” хэмээн нэрлэдэг. Яагаад ийн нэрлэх болсон талаар “Nomadic Expeditions” аяллын компанийн захирал Г.Буяндэлгэр “Монгол наадам 2000 гаруй жилийн түүхтэй үндэсний баяр юм. Эртнээс монголын овог, аймгууд хоорондоо байлддаг байсан учир үүнд бэлтгэж эхэлсэн үеэс эрийн гурван наадам үүсэлтэй гэж үздэг. Тодруулбал, бөх барилдах, нум сум харвах, морь уралдах гэсэн эрийн гурван наадмын үеэр ихэнхдээ эрэгтэйчүүд хоорондоо өрсөлддөг. Монголын 21 аймаг тэр даяараа амарч үндэсний өв соёл, заншлын илэрхийлэл болсон наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг” гэж ярьсан юм. Ер нь Монгол наадмыг Чингис хааны үеэс эхлэн тэмдэглэж ирсэн гэж үздэг аж. Бөх барилдахаас бусад төрөлд нь хүйс хамаардаггүй.

Төрийн наадам нь нийслэл Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд долдугаар сарын 11-13-нд болдог. Монгол хэмээх улсын ондоошил бусдаас ялгарах онцлогийг илтгэсэн наадмын үеэр хүмүүс баяр хөөр дүүрэн аз жаргалаар бялхаж байдгийг ч Г.Буяндэлгэр онцолсон юм. Энэ ч  утгаараа Юнескогийн биет бус соёлын үнэт өвийн жагсаалтад 2010 онд Монгол наадмыг бүртгэсэн билээ.

Энэ үеэр Юнеско “Монгол наадам бол нүүдэлчин монголчуудын оршин тогтнохуйтай салшгүй холбоотой. Бөх, нум сум, морь гурав нь монголчуудын нэг газраас нөгөө рүү нүүдэллэн амьдардаг амьдралын хэв маягтай шууд холбоотой. Наадмын зан заншил, уламжлал нь байгаль, хүрээлэн буй орчноо монголчууд хэрхэн дээдэлдэгийн илэрхийлэл байдаг” хэмээн онцолж байсан.

Төрийн наадмын нээлт нь монгол үндэсний дуу, бүжиг болон бусад ёс заншлыг нэг дороос харах боломжийг олгодогоороо онцлогтой. Ялангуяа есөн хөлт цагаан тугны жагсаал хамгийн онцгой үйл явдал нь байдаг. Бөхийн барилдааны тухайд нас, жин болоод цаг хугацааны ямар ч хязгаарлалт байхгүй гэдгээрээ их онцлог юм билээ. Зодог, шуудаг гэж нэрлэдэг өмсгөл өмссөн бөхчүүд өрсөлдөгчөө газар хамгийн эхэнд унагасан нь ялагч болдог. Ингэхдээ хоёр гар, хөл нь газар заавал хүрсэн байх ёстой.

Наадам болдог Төв цэнгэлдэх хүрээлэн нь 11 мянган хүний суудалтай. Үүнээс 2500 суудал нь олон улсын жуулчдад зориулагддаг. Тодруулбал, жил бүр 2500 тасалбарыг жуулчдад зориулан гаргадаг. Энэ жилийн тухайд тасалбарын үнэ 25 ам.доллар байсан. Наадмаас долоо хоногийн өмнө тасалбарыг худалдаалж эхэлдэг. Жуулчдын тухайд аяллын компаниараа дамжуулан урьдчилан захиалах боломжтой. Хэрэв тасалбараа хаячихвал морины уралдааныг нь үзэх боломжтой байдаг гэдгийг битгий мартаарай.

Засгийн газраас нь гаргасан мэдээллийг харвал 2019 онд Монгол 640 мянга орчим гадаадын жуулчин хүлээж авсны 11 мянга гаруй нь зөвхөн наадам үзэхээр иржээ. Цар тахлаас үүдэлтэй хөл хорионы улмаас 2020, 2021 наадмыг цахимаар зохион байгуулсан. 2022 оны тухайд хил хаалттай байсан учир энэ жилийн наадмаас эхлэн олон улсын жуулчид Монголыг дахин зорьж эхлээд байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж 34 орны иргэдийг  нэг сарын хугацаатайгаар визгүй зорчуулахаар болсон.

 Эх сурвалж:CNN

Similar Posts

5 Comments

  1. Үндэсний соёл уламжлалын сурталчилгаа болж Монгол наадмаар бахархдаггүй монгол хүн бараг байхгүй. Гол нь энэ наадмаа 21-р зууны түвшинд явуулах цэнгэлдэх хүрээлэн баригдаасай.Бас үндэсний спорт жалга довоор эвдрэлцүүлдэг биш эвлүүлдэг үндэсний арга хэмжээ байгаасай.

  2. Дэлхийд ганцхан монгол наадамыг миний сайхан эх орноос өөр хаана ч үзэхгүй өв соёл ёс заншил билээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *