Жолооч шалгуулахыг эсэргүүцвэл шинжээч томилон согтуу эсэхийг тогтоолгоно
Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд торгуулиа төлөөгүй болон согтуугаар машин жолоодсон хүнд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн болон Зөрчлийн хуульд өөрчлөн оруулсан болохыг өнөөдөр танилцууллаа.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд төлөгдөөгүй байгаа торгууль улсын хэмжээнд 90 гаруй тэрбумд, 50-аас дээш удаагийн зөрчил гаргасан 3000 гаруй иргэний төлөөгүй торгууль дөрвөн тэрбум төгрөгт хүрчээ.
Сүүлийн таван жилд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 111 хүн амиа алдсан байна. Тиймээс торгуулиа төлөөгүй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар шийдвэрлэжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Стандарт Хэмжилзүйн Газраас баталгаажсан багажаар /драйгер/ шалгахад 0.20 промилээс дээш гарвал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гэж үзнэ.Тухайн жолооч нь цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэхгүй, шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд цуснаас шинжилгээ авч, шинжээч томилон согтуу эсэхийг тогтоолгох аж.