Д.Мөнхцэцэг: Эмч гэдэг үнэтэй капиталыг бэлдэхийн тулд наад зах нь 10 -20 жил орно
Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Альтернетив” эмнэлгийн эмч, АУ-ны магистр, клиникийн профессор, Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
Тэрбээр өмнө нь УХСТ-ийн толгой хүзүүний мэс заслын кабинетын эмчээр 20 гаруй ажилласан ажлын арвин туршлагатай нэгэн. Тийм учраас Мөнхцэцэг эмчид л үзүүлбэл эдгэрлийг олно, оношийг минь зөв тавина гэж итгэлээ өгсөн олон хүн байдаг юм билээ. Гэвч тэрбээр энэ бүхэнд хэзээ ч шантарч байсангүй, эдүгээ ч олон түмэндээ авралын гараас сунган, ачлал энэрлээ өгдөг буянтай үйлсэд хүчин зүтгэсээр л буй.
Ингэж цаг үргэлж өөрийгөө ирлэж хурцалж, явсан газраа өөриймсөг уур амьсгалыг бүрдүүлж чаддаг түүнтэй ярилцаж суухдаа “Жинхэнэ эмч хүн гэдэг ийм л байдаг байх даа” гэсэн бодол төрж бахархаж байлаа. Түүний энэхүү хичээнгүй,шаргуу хөдөлмөрийг үнэлж “Алтан гадас”одонгоор шагнасан байна. Тэрбээр “Энэ шагнал зөвхөн минийх биш, хамтдаа зүтгэж байгаа гар сэтгэл нийлсэн чадварлаг баг хамт олны минь нөр их хөдөлмөрийн үр дүн” хэмээж байлаа.
-Эмч хүнтэй уулзаж байгаа учраас хоёулаа ярилцлагаа таны эмч болсон түүхээс эхэлье?
– Юуны өмнө монголынхоо бүх алтан гартай эмч нартаа Дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэж, амжилт бүтээлийн дээдийг ерөөе. Цаг хугацаа гэдэг амархан юм даа. Саяхан л буюу 1993 оны зургадугаар сард АУИС- ийн Нүүр ам судлалын ангийг нүүр ам судлаач эмч мэргэжлээр төгсч байлаа. Төгсөөд шууд УХСТ-ийн толгой хүзүүний мэс заслын кабинетийн эмчээр хуваарилагдан очиж байсан бол нэг л мэдэхэд 29 жил болсон байна. Энд ажиллах хувь тохиол нь миний хайртай багш, Перфект эмнэлгийн захирал Оюун багшаас эхтэй. Учир нь тухайн үед сурлага сайтай гээд сургуульдаа багшаар үлдэн, магистрт сураач гэсэн санал ирэхэд нь одоо би ажил хийж, аав, ээжийгээ тэжээх ёстой гээд шууд ажиллахаар шийдэж билээ.
Сургуулиа төгсөөгүй байхдаа л Оюун багшдаа ажил хайж байгаагаа хэлж байсны дүнд УХСТ-д ажиллуулахаар сонгон авч, ажил амьдралын минь гарааг эхлүүлсэн багшийнхаа ачийг хэзээ ч мартах учиргүй. Мэдээж дөнгөж оюутны ширээнээс ажлын талбарт ирсэн учраас эхний үед мэдэхгүй, чадахгүй зүйл бишгүй тохиолдоно. Энэ бүхнийг багшаасаа асуухад өвчний түүхийг сонсонгуутаа л төвөггүйхэн оношийг нь хэлээд өгдөг нь үнэхээр гайхалтай санагддаг байлаа. Хэзээ багш шигээ болно доо гэж бодож явтал аяндаа л амьдралын явцад туршлагажаад ирдэг юм билээ.
Сүрьеэ юу? хавдар уу? эсвэл ердийн үрэвсэлт эмгэг үү? гэдгээ ялгадаг боллоо. 1996 онд Эрүү нүүрний мэс заслын олгох, 2001 онд Эрүү нүүрний мэс заслын дээшлүүлэх курс хийгээд бага багаар мэргэжлээ дээшлүүлж, эндээс амьдралын их сургуульд суралцсан гэж хэлж болно. Намайг ирэхэд Н.Нямдаваа гэж ажил, мэргэжилдээ эзэн болсон, дөлгөөхөн, чадварлаг захирал байсан. Сайхан ч баг хамт олон угтаж байлаа.
Тухайн үед манай тасагт Н.Оюун багш бид хоёроос бусад нь эрчүүд байсан ба шулуун шударга, маш өндөр шаардлагатай багшийнхаа зааж, сургаж, дадлагажуулснаар бид өнөөдрийн Толгой хүзүүний мэс заслын тасгийг өдий хэмжээнд хүртэл хөгжүүлж чадсандаа баяртай байдаг. Анхны үзлэгийн тухайд 27 настай залуугийн зүүн талын эгэмэн дээр булчирхай томорсон байсныг оношилж, багшаасаа анхны магтаал, сайшаалыг сонсч байлаа.
-Таны багш Оюуныг Монгол Улсад олон төрлийн хагалгааг амжилттай хийж нутагшуулсанаар нь ихэд үнэлдэг юм билээ. Шавийнх нь хувьд багшийнхаа энэ дэвшилтэт арга туршлагаас нэлээд суралцсан байх даа?
-Тийм ээ, Багш маань тухайн үед Монгол Улсад огт хийгдэж байгаагүй маш олон төрлийн хагалгааг амжилттай хийж, нутагшуулж чадсан. Мөн нөхөн сэргээх хагалгааны эхлэл ч тавигдсан юм. Энэ нь гүйцэд хөгжиж чадаагүй байсан учраас нүдний алим, нүүрний дунд гуравны нэг тайрагдсан өвчтөн нүднийхээ нэг талыг даавуу унжуулан халхалдаг байсан. Хэрэв аз болж манай тасаг байгуулагдаагүй бол энэ хагалгаа тухайн өвчтөнд хийгдэхгүй, хими болон туяа эмчилгээ хийгдээд хэр хугацаанд амьдрахыг нь таашгүй. Энэ хагалгааг хийлгэсэн хүн өнөөдөр амьд сэрүүн явж байгаа нь бахархмаар. Тиймээс ТХМЗ-н тасагт шинээр хийж, нэвтрүүлсэн хагалгаанууд нь тухайн хүмүүсийн амьдралын чанарыг нь сайжруулж, насыг нь уртасгаж өгч байгааг дурсахгүй өнгөрч боломгүй. Манай тасгийн эмч нарыг онол болон дадлагын тал дээр заан сургаж, дадлагажуулж, эмчийн ёс зүй, хүнлэг энэрэнгүй байхыг өөрөөрөө үлгэрлэн хүмүүжүүлж, өнөөдрийн хэмжээнд авчирсан нь үнэхээр Н.Оюун багшийн маань ач гавьяа гэдэгт нэгээхэн ч эргэлздэггүй. Тасаг байгуулагдсан тухайд Н.Нямдаваа захирал толгой хүзүүний байрлалын хавдрыг тусад нь эмчилдэг тасагтай болгоё гэж анх Н.Оюун багшид санал тавьж, багш маань эмч нараа бүрдүүлж ажлаа эхэлж байсан түүхтэй юм билээ.
Гэвч тэр үед Монгол улс төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих шилжилтийн хүнд цаг үе давхцаж, санаснаар ажлаа явуулах боломжгүй байсан ч радиоизотоп эмчилгээ хийгддэг байсан тасгийн зузаан тугалган ханануудыг өөрсдөө нурааж, засвар, будгийн ажлыг ч өөрсдөө хийж, бусад тасаг нэгж болон дүүргийн эмнэлгүүдийн агуулахаас цагаан ор цуглуулж, хэд хэдэн гадны улс орнууд руу Монгол улсад ТХМЗ-н тасаг шинээр байгуулахад туслаач гэсэн утга бүхий захидал илгээн, хагалгааны ор, коагуляцын аппарат, бор машин, оёдлын утас, бээлий, хагалгааны багаж хэрэгслүүдийг тусламжаар авчирч ажиллаж эхэлсэн байдаг. Үүнд Н.Оюун багшийн болон тасгийн эмч, ажилтнуудын хөдөлмөр зүтгэл хэмжээлшгүй их. Мөн оюутан байхаас л биднийг “Та нар хүний шүдийг өвтгөж авсан байгаарай, би олон шавьтай хүн, та нарыг сонсч байгаа шүү, хэрвээ өвтгөж авсан гэж чих дэлсэх л юм бол миний заасан хичээлийг ойлгоогүй байна гэсэн үг гэж аль аль талдаа ажил мэргэжилдээ эзэн байхыг зааж, үр дүнг нь тооцдог тийм хариуцлагатай багш байсан, жишээлбэл, доод талын араа шүдийг авахад ямар мэдээ алдуулалт хийхэв? ухархайн доод хэсэгт мэдээ алдуулалт хийхдээ гүн хатгавал ямар хүндрэл гарах вэ? гээд байнга асууж, гарын мэдрэмжээр зөв хийж байна уу, буруу хийж байна уу гэдгийг гар дээрээс барьж чиглүүлэн, гаршуулан сургаж байсан нь санаанаас гардаггүй юм.
Ажлын байран дээр гарсны дараа тасгийн эмч нараас толгой хүзүүний анатомын мэдлэгийн шалгалт авахдаа зөвхөн судсаар, мэдрэлээр, яс, булчингаар гээд тус тусад нь асууж шалгаан, тэнцсэн тохиолдолд хагалгаанд оруулдаг чанга багш байлаа. Онолын мэдлэгийг шалгахдаа 20-30 номны нэрсийн жагсаалт өгч уншуулан, хэд хэдэн асуултанд хариулах даалгавар өгдөг, түүнийг нь нөгөө номнуудыг уншиж байж л хариулах боломжтой байдаг байлаа. Ингэж чанартай бэлтэгдсэн учраас тасгийн эмч нар маань өдий зэрэгтэй ажиллаж байгаа гэж боддог. Мэргэжлийн хувьд Н.Оюун багшаас гадна Норовпил, Хэнтий, Нацагдорж, Цолмон, Мөнгөнцэцэг, Батцэцэг, Давааням, Ичинхорлоо, Одончимэг, Амарсайхан багш нар болон АУИС-д хичээл зааж байсан бүх эрдэмтэн багш нар, бага ангийн багш Бадамцэрэн, ахлах ангийн багш Бямбажав зэрэг ажил амьдралын арвин их туршлагатай, зарчимч,чамбай, удирдан чиглүүлэгч олон сайхан багш нараа энэ дашрамд дурдахад таатай байна.
-Монголын урдаа барьдаг багш нараар анагаахын эрдэм заалган, ихийг сурч мэджээ. Энэ дундаас улсын эмнэлэг,хувийн секторт ажиллах хоёр юугаараа ялгаатай вэ?
-ХСҮТ -ийн толгой хүзүүний мэс заслын кабинетад тасралтгүй 29 жил ажиллаж байгаад 2022 оны 10 дугаар сараас “Альтернетив” эмнэлэгт ажиллаж байна. Улсын эмнэлэгт маш олон мэргэшлийн баг хамт олонтой хамтарч ажилладаг. Энэ хэрээр хүрээ том, маш олон хүн ханддаг, ажлын ачааалал маш их. 1993-2000-аад онд ТХМЗ-н кабинет нь жилдээ 2000-3000 хүн үзэж, толгой хүзүүний байрлалтай хорт хавдар 30-40 тохиолдол бүртгэгддэг байв.
Манайх шүдээ ч үздэг, эмчилдэг, хавдраа ч үзэж оношилдог, хянадаг хавсарсан кабинет байсан юм. 2000 оноос жилдээ 6000-9000 хүн үзүүлж, ажлын ачаалал эрс нэмэгдсэн. 2010 он гэхэд ч нөгөө л хэвээр ганцхан кабинеттай, үзүүлэх хүний тоо олширсон ч маш их ачаалал дунд ганцаараа ажилласаар л… Цайндаа ч орж чадахгүй, бие засах ч завгүй, орж гарахдаа өвчтөнүүдээсээ зөвшөөрөл авна, гарах гэлээ гэж загнуулдаг тийм л үе байлаа шүү дээ.
Цайны цагтай болъё гэхээр нэг цаг сунгаж ажиллах хэрэгтэй болдог. 15.00-1 5.30 минутанд түр амсхийж цайндаа ороход гуанзанд хоол байхгүй, эсвэл хүйтэн хоолтой байдаг байсан. Энэ бүхний эцэст эмнэлгийнхээ захиргаанд хэд хэдэн удаа хүсэлт тавьж байж нэг кабинет шинээр нэмж, одоо улсын хэмжээний хоёр кабинеттай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэсэн ч өнөөдөр манай кабинетын үзлэг нэг сарын хүлээлтэй л байсаар байна. Өөрийгөө хайрлаж, эрүүл мэндээ хамгаалахын тулд өөрөө өөртөө л цаг гаргах ёстой юм байна гэдгийг хожуу ухаарсан даа. Харин хувийн секторт ажиллахад маш цэвэр, тохилог орчинд, дуу чимээ багатай, ажлын ачааюлал бага, өөрийгөө хөгжүүлж сурч боловсрох, мэдээлэл авах цаг илүүтэй, хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэх, гэр ойр гэх мэт давуу талууд одоогоор мэдрэгдэж байна.
– Ингэж ар гэр, амьдралаа умартан ажиллаж байгаа эмч нарын цалин бага гэж байнга л гомдоллодог. Гэвч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь эмч мэргэжилтэнүүдийн урмыг хугалдаг биз?
-Тийм шүү, зэргийн гэх мэт зарим нэг нэмэгдэлүүд байгаа ч эрүүл мэндийн салбарт ажиллагсадын цалин бага байсаар л байна. Хэзээ хүний хөдөлмөрийг үнэн бодитойгоор үнэлэх өдөр ирэх юм бол доо. Уг нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилтнууд төдийгүй багш нар, цагдаа зэрэг төрийн гэсэн бүх тодотголтой ажил мэргэжлийн хүмүүс хамгийн өндөр цалинг авах ёстой байтал хамгийн бага цалинг авч байна. Цэвэр хөдөлмөрийн мөлжлөг л гэж үздэг. 2021 оны долдугаар сард эмнэлгийн ажилчид цалингаа нэмүүлэх гэж ес хоног жагсахад би сүүлийн дөрөв хоног ажил тараад очдог байлаа.
Энэ үеэр үзэл бодлоо ч цахимаар илэрхийлсэн. Гэвч бид тэмцлийнхээ үр дүнг үзэж чадаагүй. Миний хувьд хагас сайн болгонд хамгийн багадаа 40-50, ихдээ 100-120 хүн үздэг байсан ба энэ үзлэгийн нэмэлт цалин л амьдралд минь багагүй дэм болж байлаа. Хэрвээ энэхүү урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг хийдэггүй байсан бол эмчийн тогтсон цалингаар яаж амьдрах байсныг хэлж мэдэхгүй байна.
Угтаа ажил хийж байгаа хүний амьдрал алхам алхамаар сайжрах учиртай. Гэтэл амьдрал улам доошилсоор л…цалин нэмэгдээгүй байхад татвар, өргөн хэрэглээний барааны үнэ, дээр нь валютын ханш нэмэгдэж, энэ хэмжээгээр цалин хөлс хаанаа ч хүрэлцэхгүй, валютын ханштай харьцуулбал цалин улам багассаар л байгаа. Энэ байдлаас болоод өнөөөдөр эрүүл мэндийн салбарт ажиллах боловсан хүчний нөөц дутмаг, туйлын учир дутагдалтай болсоор байгаа. Сувилагч нар ч арай илүү цалин амласан хувийн эмнэлэг рүү явчихаж байна.
-Эмч хүний мэргэжлийн ур чадварыг сорьсон үзүүлэлт бол оношоо зөв тавих байдаг. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-2000 оны эхээр эмнэл зүйгээр нармайн хорт хавдар байгаа хэрнээ дурангаар авсан эдийн шинжилгээгээр онош нь батлагддаггүй нэгэн өвчтөнийг гурав дахин шинжилгээ авч байж оношийг нь баталж байлаа. Хэрвээ хорт хавдар илрэхгүй байна гээд явуулсан бол уг өвчтөн хожуу үедээ оношлогдон, амьдралын чанарт нь нөлөөлж, богино наслах байсан юм. Эмч хүний хувьд өөрийнхөө тавьсан оношинд ч итгэлтэй байсан. Оношоо батлах гэж дахин дахин эдийн шинжилгээ авч, хортой хавдар гэдгийг нь батлаад хими, туяа эмчилгээг хавсран хийснээр эмчлэгдээд гарч байсан түүх бий.
Тийм учраас амбулоторын эмч нар маш хариуцлагатай, ямар стандартын дагуу үзлэг хийж, яаж хүндээ зөвлөх вэ гэдгийг маш сайн эзэмшсэн байх ёстой. Нөгөө талаас өвчтөн маань ч өвчнөө ойлгож, хамтдаа түүнийг давж гарах ёстой. Сэтгэл санаагаа бэлтгэж, эмч, өвчтөн, эмчилгээ гурвын хамтын хүчин чармайлтаар л өвчнийг ялан дийлэх учиртай. Даамжраад л байх юм бол эмчилгээ үр дүнгээ өгөхгүй. Эмч гэдэг үнэтэй капиталыг бэлдэхийн тулд багадаа 10, 20 жил ажиллаж байж эрүүл мэндийн салбарт доголдолгүй ажиллах хэмжээнд бэлтгэгджээ гэж үзэх учиртай.
Сайн мэргэжилтэн гэдэг юугаар ч үнэлэшгүй. Тийм мэргэжилтэн болохын тулд насан туршдаа суралцах учиртай. Залуу эмч нар улам сайн суралцахын төлөө эрмэлзэж, хүсч хичээж, юм унших хэрэгтэй. Хэрэв алдаа гаргаад явуулчихлаа гэхэд тэр алдааг хувь хүн л үүрнэ. Өөрөөр хэлбэл амь насаараа төлж байна гэсэн үг. Тийм учраас хүний төлөө гэсэн зүрх сэтгэл эмч болгонд байх ёстой. Тийм сэтгэл зүрхийг өөртөө бий болгож чадсан нөхцөлд сайн эмч болно. Хамгийн энэрэнгүй, нинжин сэтгэлийг эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мянга мянган эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс харах боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.
Д.НЭРГҮЙ