Өмнөд Солонгост 22 настай залуу таван хүнийг машинаараа дайрч, дэлгүүрт байсан есөн хүнийг хутгалж гэмтээжээ
Өмнөд Солонгос улсын Сённам хотод нэгэн эрэгтэй их дэлгүүрт явж байсан хүмүүсийг хутгалж, 14 хүн шархдаж гэмтсэн нэгэн гэмт хэрэг пүрэв гарагт гарчээ. Энэ нь тус улсад гарч байгаа олныг хамарсан гэнэтийн халдлагын хоёр дахь тохиолдол аж.
Тус этгээд эхлээд машинаараа дайрч таван хүнийг гэмтээж, дараа нь дэлгүүр рүү орж тэнд байсан есөн хүнийг гэнэт хутгалж гэмтээжээ.
Цагдаа нар сэжигтнээр 22 настай нэгэн залууг баривчлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэр бүлийнхнийх нь мэдүүлснээр энэ залуу сэтгэцийн эмгэгээр эмчлүүлж байжээ. Мөн тэрбээр хоёр хутга худалдаж авсан агаад лхагва гарагт өөр нэгэн дэлгүүрт халдаж хүмүүсийг хутгалсан байж болзошгүй байгаа аж.
Гэхдээ тус сэжигтэн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь одоогоор тогтоогдоогүй, хутга худалдан авсан нь халдлага үйлдлэхээр төлөвлөсөн гэдгийг бүрэн нотолж чадахгүй учир нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
“Kyunghyang Shinmun” сонины мэдээлснээр тус хэргийг үйлдсэн этгээд хар малгатай цамцтай, нарны шилтэй байсан агаад гартаа ямар нэгэн зүйл барин дэлгүүрийн цахилгаан шатаар алхаж байсан гэж гэрч ярьсан байна.
Өнгөрсөн сард мөн Чо Сон гэх 33 настай эрэгтэй Сөүлийн гудамжаар зам гарч байсан дөрвөн хүнийг хутгалсны улмаас нэг нь амиа алдсан хэрэг гарсан билээ. Түүнийг хэрэг гарснаас хоёр хоногийн дараа баривчилж, хүн амины хэрэг, хүний амь хөнөөхийг завдсан хэмээн ялласан юм.
Тиймээс Солонгосын Цагдаагийн ерөнхий газар хуралдаж гэнэтийн ийм халдлагаас хэрхэн сэргийлэх талаар хэлэлцжээ. Үүний үр дүнд хүн ихтэй дүүрэг болон олон хүний хөлийн газруудад шөнийн эргүүлийн цагдаагийн тоог нэмэх, хяналтын камерын тоог нэмэгдүүлж, чанарыг нь сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эх сурвалж: Associated Press
Б.ДОЛЖИНЖАВ